Аялалд гарах гэж байгаа бол дараах зүйлсийг анхаар
Зөвлөгөө

Аялалд гарах гэж байгаа бол дараах зүйлсийг анхаар

Дэлгэр зуны зугаатай өдрүүд эхэлсэн энэ цагаар хөдөө нутгаар аялалд гарахад бэлэн үү?

Аялалд нүүхээс наагуур бэлтгэл хийж явахгүй бол ялангуяа хүүхэдтэй хүмүүс зутрах, хүүхэд өвдөх магадлалтай тул сайн бэлтгэлтэй явах хэрэгтэй. Тиймээс аялалд гарахдаа авч явж болох зарим зүйлийг та бүхэнд сануулж байна.

Хамгийн түрүүнд аяллын төлөвлөгөө болон техникийн бүрэн бүтэн байдлыг 100%  хангах нь чухал, аялалд авч зүйлсийн лист гаргаж дутуу зүйл байна уу гэдгийг нягтлах сайн арга шүү. Мэдээж цаг агаарын урьдчилсан 7 хоногийн мэдээг урьдчилан авч аяллаа төлөвлөх.

Зайлшгүй авч явах зүйлс:

  • Хөдөө явахад шаардлагатай зарим эм, эмнэлгийн жижиг хэрэгслүүдийг авах хэрэгтэй. Үүнд: хөвөн, бинт, өвчин намдаах эм, лаа /толгой болон шүдний өвчин намдаах/, гэдэсний гүйлгээг дарах эм, антибиотик, халуун бууруулах эм, харшлын эм, хросол, бөөлжилт, дотор муухай оргилтыг намдаах эм, халууны шил.
  • Дулаан хувцсаа хангалттай авч яваарай. Халууцвал хувцсыг тайлж болох ч, даарах үед өмсөх хувцасгүй бол зутрах билээ. Тэгээд ч бороо, шүүдэрт норохыг үгүйсгэхгүй. Тиймээс ус нэвтэрдэггүй цув, куртик, усны гутал зайлшгүй чухал.
  • Хэрвээ нялх хүүхэдтэй явбал аптекуудад чийг татдаггүй, чийг нэвтрүүлдэггүй дэвсгэрүүд байдаг.
  • Ялаа, шумуулгүй хөдөө нутаг гэж бараг үгүй. Тиймээс шумуулын эсрэг тос, хамгаалалтын тортой малгай авч явах хэрэгтэй.
  • Нарны тос, нарны малгай.
  • Гол устай газраар явж болох ч хүүхдүүдтэй явж байгаа тохиолдолд цэвэр ус илүүддэггүй. Гэхдээ савтай цэвэр усаа машиныхаа нар тусах хэсэгт удаан хадгалж болохгүй гэдгийг санаарай.
  • Хөдөө хээр явах үед аяга тавагны угаалгын шингэн таныг ямар ч хүйтэн устай байсан хорхог, шорлогны тостой сав суулганаас хялбархан салгаж дөнгөнө.
  • “Хөдөөний олон замын алийг нь сонгох вэ таминь ээ” гэж дуу алдахдаа тулахгүйн тулд автомашинаар аяллаар явах тохиолдолд GPS авч явахад илүүдэхгүй.
  • Гар ариутгагч спирттэй шингэн. Гараа угаах боломжгүй тохиолдолд энэ шингэнийг хэрэглэхэд сэнгэнээд л явчихна. Мөн саван, шампунь, оо, нүүр цэвэрлэгч шингэн, нүүрний тосоо мартав.
  • Чүдэнз, гар чийдэн.
  • Сайхан дуу сонсож, хамтдаа дуулж явах нь хөгжилтэй шүү дээ. Тиймээс дууны сангаа шалгаарай.
  • Хийн плитка авч явж байгаа тохиолдолд ахуйн хэрэглээний газаа наранд удаан байлгаж болохгүй. Нар шууд тусах хайрцагт ч байрлуулж болохгүй. 
  • Олуулаа явж байгаа тохиолдолд буудаллаад хөдлөх болгондоо хүнийхээ тоог, ялангуяа хүүхдүүдийн тоог байнга авч байгаарай. Томчууд модны сүүдэрт унтаж үлдэх, хүүхдүүд тоглож үлдэх тохиолдол цөөнгүй.
  • Нарлаж удтал байсан автомашин хөдлөхийнхөө өмнө ард нь элдэв зүйлс тээг болоогүй гэдгийг, дайрч хагалж бяцлах зүйл байна уу гэдгийг сайтар шалгаж байж хөдлөх хэрэгтэй.

Замд явж буй хүмүүс архийг хэтрүүлэн хэрэглэх нь та бүхний амь нас, эрүүл мэндэд нэн аюултай. Гол устай газраар явах тохиолдолд архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдүүдийг байнга анхаарч, халамжилж байх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай.

Эцэст нь хаана буудаллаж,  хаашаа хөдлөх байсан ч байгалийн сайханд хог бүү тариарай. Та дараа жил ирэхдээ, таны хүүхэд байгальд хөлбөрөн тоглох сайхан нутгаа хэвээр нь хадгалахыг хүсэж байгаа л бол хог тарихгүй, орчноо сүйдлэхгүй байхыг хичээгээрэй.

                                                              Эх сурвалж : http://www.genco-tour.mn 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *