Та хүүхдэдээ хор бэлэглэж байгаагаа мэдэх үү?
Мэргэжлийн байгууллагаас хийсэн судалгаагаар баяраар олонх нь хүүхдэд өгөх бэлгээр амттан сонгодог бөгөөд тухайн бэлгэнд ойролцоогоор 12 нэр төрлийн бүтээгдэхүүн агуулагддаг байна. Ийм бэлгэнд ойролцоогоор 300-400 грамм сахар агуулагддаг аж. Энэ нь 30 гаруй халбага сахартай дүйцэх юм. Тухайлбал, 500 гр ундаанд 54 гр сахар агуулагддаг. Ингээд тооцвол нэг уут бэлгэнд хүүхэд өдөрт хэрэглэх сахарын нормоос 20-40 дахин их сахар агуулагдаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаагаар бага насны хүүхэд өдөрт 5 грамм, сургуулийн насны хүүхэд 6-8 грамм сахар хэрэглэх нормтой байдаг.

Сахарын сөрөг нөлөө :
Сахарыг хэтрүүлэн хэрэглэснээр шим тэжээлийн дутагдалд ордог. Учир нь сахар илчлэг ялгаруулдаг бөгөөд биед шаардлагатай, хэрэгтэй илчлэгийг хоол хүнснээс авч чадахгүйд хүрдэг юм. Сахарын хэмжээг хэтрүүлснээр цадсан мэдрэмж төрж, хоолонд дургүй болдог. Зөвхөн амттан идэх сонирхолтой болдог. Мах, жимс, хүнсний ногооноос авах ёстой уураг зэрэг шимт бодис, эрдэс бодис, амин дэмийг авч чадахгүйд хүрдэг. Ингээд шим тэжээл, амин дэмийн дутагдалд ордог.
Хүн амын хоол тэжээлийн тавдугаар судалгаа гарсан. Судалгаагаар хүүхдүүдийн илүүдэл жин, таргалалтын шалтгааныг гаргасан. Судалгаагаар 6-11 насны хүүхдийн 28.6 хувь нь илүүдэл жин, таргалалттай, тав хүртэлх насны хүүхдийн 11.7 хувь нь илүүдэл жинтэй гэж гарсан. Үүний шалгаан нь эрүүл бус хүнс хэрэглэдэгтэй холбоотой. Хүүхдүүд хийжүүлсэн ундаа, чипс, амттан, түргэн хоол их хэрэглэж байна. Хүүхдүүдийн 99 хувь нь эрүүл бус хүнс хэрэглэдэг нь судалгаагаар батлагдсан. Сахарын хэтэрсэн хэрэглээ нь илүүдэл жин, нөгөө талаас хэт турахад хүргэдэг. Учир нь шаардлагатай шим тэжээлээ авч чадаагүйгээс уураг, шим тэжээлийн дутагдалд ордог. Өөрөөр хэлбэл, далд өлсгөлөнд нэрвэгдэж байна гэсэн үг. Ингэснээр хүний дархлааг дэмжиж, сайжруулдаг эрдэс бодис, амин дэм алдагдаж, дархлаа суларч, өвчлөмтгий болгодог. Мөн илчлэгийн илүүдэл үүсч таргалалтад нөлөөлж байгаа юм. Таргалалтад өртсөнөөр цаашид зүрх судас, чихрийн шижинд нэрвэгдэх эрсдэлтэй.
Хариу арга хэмжээ :
Чихэрлэг зүйл нь хүнийг донтуулдаг. Хэтрүүлэн хэрэглэдэг хүний бие түүнийгээ нэхэж байдаг. Тиймээс байгалиасаа сахарын агууламжтай бүтээгдэхүүн жимс зэргийг орлуулан хэрэглэж болно. Нэрс, чацаргана, аньс зэрэг жимсийг буцалгаад бага зэрэг чихэр нэмээд өгч болно. Сүү, цагаан идээ түлхүү хэрэглэх шаардлагатай. Тараг нь хүүхдийн гэдэсний бичил биетний хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Аль болох сахаргүй, байгалийн цэвэр сахартай бүтээгдэхүүн өгч байх хэрэгтэй.

Зөв сонголт :
Аливаа бүтээгдэхүүнийг сонгохдоо хаяг, шошго дахь 100 гр бүтээгдэхүүнд агуулагдах чихэр, тос, давсны агууламжийг сайн харах хэрэгтэй.
Шошго дээр 100 гр бүтээгдэхүүнд 5-10 гр сахар агуулагдаж байвал анхаарал татахуйц, таваас бага байвал чихэр багатайд тооцогддог. Харин 10 гр-аас дээш сахар агуулагдаж байвал чихрийн агууламж ихтэйд тооцогддог. Тиймээс 100 гр бүтээгдэхүүнд агуулагдах сахарын хэмжээ 10 гр-аас бага бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй. Харин энэ хэмжээ 30 гр-аас их бол тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэггүй.
Тухайлбал: 500 гр ундааны шошго дээр 100 гр бүтээгдэхүүнд агуулагдах сахарын хэмжээ 10 гр гэж бичсэн байгаа. Энэ нь тухайн ундаанд 50 гр гаруй сахар агуулагдаж байна гэсэн үг. Ундааг сонгож болох ч өдөрт хэрэглэх сахарын норм гүйцэж байгааг анхаарах хэрэгтэй.

Эх сурвалж : сэтгүүлч Р.РЕНЧИНДУЛАМ