Асбест таны эрүүл мэндэд хортой
Асбест гэж юу вэ?
Асбест нь байгаль дээр тархсан гидросиликат магни, төмөр, кальци, натригаас тогтсон маш нарийхан утсархаг бүтэцтэй, бутрамтгай чулуулаг эрдсүүд юм. Асбестын бүлгийн эрдэс нь бат бэх, дулаан цахилгааныг бага дамжуулдаг, гадаад орчин, халуун, хүйтэн, галд болон химийн бодисын үйлчлэлд тэсвэртэй, удаан эдэлгээтэй зэрэг онцлог шинж чанаруудтай. Байгаль дээрх асбестын ордноос олборлосон эрдсийг үйлдвэрт буталж, түүнийг утаслаг ширхгээр нь задалж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг.
Асбестын төрөл :
Асбестын бүлгийн эрдсүүдийг химийн бүтэц найрлагаас нь хамаарч кризотил, амозит, крикодолит, тремолит, актинолит, антофиллит гэсэн 6 төрөлд хуваадаг. Мөн харагдах байдлаас нь хамааран цагаан (кризотил), хөх (крикодолит), бор (амозит)асбест гэж ангилдаг. Бүх төрлийн асбест нь хүний биед онцгой хортой, хорт хавдар үүсгэгч бодис юм.
Зураг 1:
.jpg)
Кризотил асбестын ширхэглэг /цагаан цайвар, ногоон өнгөтэй, уян хатан, бат бөх, сунамтгай шинж чанартай. Дулаан тусгаарлагч материал болон тоормосны жийргэвч, асбестан даавуу, асбестан хавтан үйлдвэрлэхэд ашиглана. Асбестын хэрэглээний 90 хувийг эзэлдэг./
Зураг 2 :

Крикодолит асбест нь төмрийн агууламж өндөртэй учир хөх өнгөтэй харагддаг. Барилгын хана, тааз шүршиж гал түймэрт тэсвэртэй болгоход ашиглана. Мөн хүчил, химийн бодист тэсвэртэй болгох зорилгоор хэрэглэдэг.
Зураг 3 :
.jpg)
Амозит асбест нь кризотал асбестаас илүү уян хатан бат бөх шинж чанартай, хүрэн саарал өнгөтэй. Дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэхэд ашиглана.
Асбест агуулсан бүтээгдэхүүн
Асбест агуулсан бүтээгдэхүүнийг барилгын материал, эрчим хүч, авто машины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд дараах байдлаар ашиглаж байна.
- Дулааны цахилгаан станц, уурын зуух, халаах төхөөрөмж зэрэгт дулаан тусгаарлагч
- Барилгын үндсэн болон туслах материал (асбестан цемент, тааз, хана, дээврийн хавтан, шалны хулдаас, хуулга)
- Төмөр хайлуулах зууханд тусгаарлагч
- Асбестан цементээр хийсэн сантехникийн хоолой, хавтан, хашлага
- Ваар сав, суулга
- Цахилгаан шатны тоормосны бэхэлгээ
- Үрэлтийн жийргэвч, тусгаарлагч
- Төрөл бүрийн шүүлтүүр
- Гал унтраагчдад зориулсан галд тэсвэртэй хувцас
- Авто машины тоормосны болон хөдөлгөөн дамжуулах дискний жийргэвч үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглаж байгаа нь асбестын тоосонцорт өртөж, өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Асбестын эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Асбестын тоос асбесттай ажлын байр, орон сууц, гадаад орчинд тархан улмаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Асбестын тоос амьсгалын замаар биед нэвтрэн орж, уушгинд удаан хугацаагаар тунаж үлдэн үрэвсүүлэх, цээжний гялтан хальсны зузаарал, уушги тоосжих өвчин, уушгины хортой хавдар, зэрэг өвчнийг үүсгэх шалтгаан болдог. Хэвлий болон цээжний гялтан хальсны хортой хавдраар өвчлөгсдийн 80-85 хувь нь асбестын тоосны нөлөөнд ямар нэг хэмжээгээр өртсөн байдаг. Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас асбестыг хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан. Мөн зарим судалгаагаар асбест нь ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн.

Асбестын тоосны шалтгаант уушгины хавдар
Цээж хэвлийн гялтан хальсны хортой хавдар:
- Нууц үе урттай, асбестын тоосонд өртсөнөөс хойш 30-50 жилийн дараа уг хавдар тохиолддог.
- Цээжний гялтангийн хортой хавдрын үед цээжний гялтан хальсанд шингэн хуримтлагдсанаас үүдэж амьсгаадах, цээжээр өвдөх шинж тэмдэг илэрнэ.
- Хэвлийн гялтангийн хортой хавдрын үед турах, хэвлийгээр өвдөх, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах, өтгөн хатах, цус өтгөрөх, цус багадах, халуурч чичрүүлэх шинж тэмдэг илэрнэ.
Уушгины хавдар:
- Нууц үе урттай, асбестын тоосонд өртсөнөөс хойш 25-30 жилийн дараа уушигны хавдар тохиолдоно.
- Асбесттай харьцаж ажилладаг хүн тамхи татдаг бол өвчлөл үүсэх эрсдэлийг 20 хувь нэмэгдүүлдэг

Асбестын гаралтай уушги тоосжих өвчин:
- Асбестын тоосонд өртсөнөөс хойш 10-20 жилийн дараа өвчний анхны шинж тэмдэг илэрдэг.
- Амьсгаадах, амьсгалын үйл ажиллагаа өөрчлөгдөх, хуурай ханиах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Асбестын нөлөөнд хэн илүү өртөмтгий байх вэ?
- Асбестын нөлөөнд хүн бүр өртөх боломжтой
- Асбесттай материалыг өрөмдөх, хөрөөдөх
- Асбестан цементийг зуурах, шавардах
- Асбестан цементээр зуурсан шавар хоолойг эвдэх, шаваасыг ховхлох үед эрсдэл өндөр байдаг.

Мөн асбестын тоос тухайн ажилтны ажлын гутал, хувцас, гар, үсэнд наалдан гэр бүлийнхэнд нь сөргөөр нөлөөлж өвчлүүлдэг.
Эрүүл мэндийн үзлэгт хэн хамрагдах ба илрэх шинж тэмдэг?
Асбестын тоосонд ажил дээрээ болон гэртээ өртсөн хүмүүс энэ талаар эмчид хэлж, үзүүлэх, зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч рентген зураг авахуулах, уушгины үйл ажиллагааны сорил хийлгэхийг танд зөвлөнө. Шаардлагатай тохиолдолд шээс, өтгөн, уушги угаасан шингэнд асбестын ширхэглэгийг шинжилдэг. Асбестаас болж үүсдэг өвчний шинж тэмдэг олон жилийн дараа илэрдэг. Гэхдээ дараах шинж тэмдгүүд илэрвэл та эмчид заавал үзүүлээрэй.
- Амьсгаадах
- Ханиалгах
- Цустай цэр гарах
- Цээж, хэвлийгээр өвдөх
- Амьсгаа давчдах
- Хоолой сөөх
- Турах
Асбесттай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж
1. Ажил олгогч та ажилтнаа хэрхэн хамгаалах вэ?
- Асбестын хэрэглээг бууруулах, бүр мөсөн хориглох, зогсоох, асбест агуулаагүй орлуулах бүтээгдэхүүнийг хэрэглэхэд чиглэсэн шат дараалалтай үйл ажиллагааг явуулах
- Асбесттай ажлыг аль болох хүмүүсээс хол, тусгайлан барьсан эсвэл түр зуурын битүүмжлэгдсэн өрөөнд явуулах
- Асбестын тоосыг багасгахын тулд чийглэх, агааржуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх
- Асбесттай материалыг зайлуулахдаа чийглэх, хагарч бутрахаас сэргийлэх, тоосыг үйлдвэрийн зориулалттай тоос сорогчоор соруулах
- Асбесттай материалтай харьцахдаа цахилгаан багаж хэрэглэх нь тоосыг ихээр үүсгэдэг тул аль болох гар багаж хэрэглэх
- Ажилчдыг тоосноос хамгаалах иж бүрэн зориулалтын хувийн хамгаалах хэрэгслээр хангах, тогтмол зөв хэрэглүүлэх
- Ажлын дараа шүршүүрт орж, ажлын хувцсаа иж бүрэн солих орчинг бүрдүүлэх, ажилчдад зөв дадал олгох
- Ажилчдыг эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт тогтмол хамруулах
- Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих ялангуяа тамхи таталтыг багасгах хөтөлбөр хэрэгжүүлэх
2. Ажилтан та өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
- Асбесттай ажиллах аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөх
- Хувийн хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх
- Ажил дууссаны дараа хувийн хамгаалах хувцас, хэрэгслээ болгоомжтой тайлж, тоос тархахаас сэргийлж, тусгай уутанд хийж, “АСБЕСТТАЙ”гэж бичээд тусгай хог хаягдалд хаях
- Тамхинаас гарах, татгалзах
- Хувийн ариун цэврийг сайн сахиж, ажлын гутал, хувцсаа ажил дээрээ бүрэн солих, ажил дээрээ шүршүүрт орж байх, гараа тогтмол угаах, ажлын үед бохь зажлахгүй байх
- Хувцас хэрэгслийг тусад нь угаалгын машинд угаах
- Асбесттай харьцан ажилладаг талаар эмч, эрүүл ахуйч нарт мэдээлэлж байх
- Эрүүл мэндийн үзлэгт тогтоосон хугацаанд хамрагдаж байх
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв