Жолооч бүрд байвал зохих 9 багаж
Хотод ч хөдөөд ч замд явж байгаа л бол бэлтгэлээ базаах нь юунаас ч илүү чухал байдаг. Та хэдийгээр механик биш ч гэсэн доорх зүйлсийг заавал байлгавал жижиг гэлтгүй асуудлаас гарахад тань тусална.
Гарын доор жижиг хэрэгслүүдтэй байснаар ийшээ тийшээ залгаж цаг үрэхгүй, хүн царайчилж гуйлга гуйхгүй, хэрэгтэй үед тус болдог нь үнэн юм. Бид эдгээрийг гол цөм багаж гэж үзсэн юм.
1. Шил хагалагч алх – үүнийг цонх болон суудлын бүс тайлахад ашиглаж болдог.
Англи нэр нь ч гэсэн сонирхол татна. LifeHammer гэж түүнийг нэрлэдэг бөгөөд усанд машин живэх, суудлын бүс түгжигдэх зэрэгт тун ч хурдан хугацаанд таныг болон бусдыг аврахад зориулагдсан. Жишээ авахад машины шилийг чулуу, алх, отверткаар хагалах боломжгүй үед үүгээр жижигхэн цохиход шууд л хагарна.

2. Торцовны ком
Орчин үеийн ихэнх жолооч нар авч явахаа больсон. Гэхдээ хөдөө явахдаа та машин мэдэхгүй байсан ч заавал багажтай явж байгаарай. Жишээ нь бензин машин бол аккумуляторын клем сулрахад л зүгээр ирж зогсоод асахаа байх тохиолдол олон гардаг. Энэ мэт асуудлыг амархан аргаар шийдэхэд ком багаж л тус болдог юм.

3. Скоч
Бас л өргөн хэрэглээтэй. Жишээ нь аль нэг сорох хоолойгоор хий алдах, гупер салах зэрэг зүйлс тохиолдоход авто засварын газар хүртлээ үүнийг ашиглаад битүүмжлээд явж болно. Заавал машины ч юманд биш ойр зуурын ачаа баглах зэрэгт хүртэл ашиглагддаг тул байлгахад гэмгүй. Дээрээс нь скоч +,- температурын хэлбэлзэлд бага өртдөг.

4. Татлага
Ихэнх жолооч нар өөрт нь бэрхшээл тулгарахаас нааш үүнийг нээх их ойшоодоггүй. Хэрэг болохоор л утас цохиод л найз нөхдөөсөө асууна… Тэгвэл боломжгүй газар яах юм бол? энэ үед таны бэлтгэсэн татлага л тус болдог. Хуучны жолооч нар бол замд үүнгүйгээр гарна гэж байхгүй шүү дээ. Нэг байхад өөрөө бусдаас тусламж гуйхаас гадна бусдад тусалж жолоочийн гавьяагаа мэдрэх боломж ч бас бий. Сонголт хийхдээ аль болох сайн чанартайг нь авчихвал олон жил аминд орно.
5. Холбогч
Өвлийн хүйтэнд бол энэ л аминд орно. Бас хааяа зун машиндаа удаан дуу сонсчихвол, гэрлээ асаалттай орхичихвол аккумулятор суугаад баллаж тавьдаг. Сонголт хийхдээ өндөр ампер даадаг, гадна бүрээс зөөлөн, хөлддөггүй, хавчуур нь сайн чанарын байхад болчихно.
.jpg)
6. Хутга
Замд юу ч тохиолдож болдог учраас би багажны цүнхэндээ тонгорогтой явдаг. Яаж хэрэглэх вэ гэхээр их олон зүйлд хэрэг болдог. Жишээ нь олс таслах, дугуй нөхөхөд ашиглах, өмнөх бохир үлдэгдлийг цэвэрлэх, зарим нэгэн эд ангийг тасдах заа цаашлаад л мах идэх гэх мэт.
.jpg)
7. Дугуй нөхөгч
Олон машинууд запаас дугуйтай байдаг. Гэхдээ запаас хагарчихвал яах вэ? Эсвэл хий нь сулрах ч юм уу энэ тохиолдолд мэдээж дугуй нөхөгч хэрэг болно. Гэхдээ брэнд болгон өөр өөрсдийн хэрэглэх заавартай байдаг тул бүгдийг нь ижил мэтээр ойлгож хэрэглэж болохгүй. Өө тийн бас нэг сул тал байдгийг мартаж болохгүй. Юу вэ гэвэл дугуй засварын газрууд ийм зүйлд дургүй. Учир нь дугуйн доторхыг завааруулаад хөөсөн резин болгочихдог тул цэвэрлэнэ гэдэг том асуудал гардаг. Тэгэхээр илүү хэдэн төгрөг нэмж төлж ч магадгүйг бодолцоорой.
.jpg)
8. Даралт хэмжигч
Дугуйн хийг 7 хоног тутамд шалгаж байгаарай гэж үйлдвэрлэгч нар зөвлөдөг. Гэхдээ манайханд ингэх жолооч тун ховор. Учир нь даралт хэмжигч байхгүйтэй холбоотой ч юм уу эсвэл залхуугаасаа ч болдог юм уу бүү мэд. Уг нь үнийн хувьд ердөө 5000-10000 төгрөгийн хооронд байдаг багаж.
Хэлэх гэсэн санаа минь бол машин зам дээр биш дугуйн дээр явдаг. Тэгэхээр үүнийг сул хаяж болохгүй сэдэв юм. Дугуйгаа хийлж байхдаа хээгээ харчихна, ерөнхий байдлыг нь анзаарчихна. Ингэх нь ирээдүйд учирч болох эрсдэлийг бууруулна.
Сул хийтэйгээ мэдэхгүй яваад байвал шатахуун зарцуулалт ихэснэ, эд ангийн эдэлгээ түргэснэ, руль булаана, машин хүнд явдаг болно, хааз муу авна гээд л өдөр болгон л бидний ярьдаг олон зүйлс ар араасаа хөвөрч эхэлдэг. Тэгэхээр заавал аваарай. Миний төлөө биш өөрийнхөө төлөө юм.

9. Гэрэл
За гэрэл гэхээр юу ч байсан болно доо. Тамхины асаагуурын гэрэл эсвэл гар чийдэн, Дува сохор бүгд л хэрэг болдог юм. Утас байхад үүгээр яах вэ гэж бодож магадгүй. Шөнө машин суучихсан үед утас тус болдоггүй юмаа. Заавал запаас гэрэлтэй яваарай. Бүр тод гэрэлтүүлдэг бол бүүр л сайн.
Зураг дээрх шиг гэхдээ соронзонтой бол бүүр ч амар хаана байршуулмаар байна түүндээ зоогоод л … хэзээ унтрах бол гэж санаа зоволтгүй тийм л гэрэлтэй болоорой.
ӨВЛИЙН БОНУС
Машинд байхад гэмгүй хүйтэн улиралд хэрэглэх зарим зүйлсийг санал болгоё. Бас л нэг авчихсан байхад үнэ хамаагүй, урт эдэлгээтэй.
Нөмрөг
Биеийн дулааныг алдагдуулахгүй, хүйтэн машинд таныг аврах зүйл бол нөмрөг. Экстремум хүйтэн нөхцөлд тус болохоос гадна нохой гаслам халуунд нарны шууд тусгалаас таныг хамгаална. Тэгэхээр зүгээр байгаа биз. Бүр цааш яривал нөгөө хутгаа гаргаж ирж зүсээд ороолт эсвэл татлага ч болгож болно.
Мөс хусагч
Өвөл болохоор л санах зүйл бол цонхны мөсний асуудал. Гэрээсээ гараад ирсэн чинь нойтон цас халуун шилэн дээр бууж мөс болсон байх тэр мэдрэмж “өөөөөө”. Энэ үед мөс хусагч л тус болно. Гэгээлгээр бодвол цасыг ийм зүйлээр арилгах нь илүү хялбар бас хурдан бас таны хөдөлгөөний аюулгүй байдалд ч хэрэгтэй.
.jpg)
Дугуйн гинж
Оросоор дугуйн цепи гэж нэрлэдэг энэ эдийг хүндрүүлсэн оффроад аялалд хэрэглэхэд нэн тохиромжтой. Хотын нөхцөлд бол дуу чимээ, тав тух муутайгаас гадна эд ангийн эдэлгээнд сөрөх нөлөөтэй. Тэгэхээр зөв газарт зөв цагтаа хэрэглэхэд тус болох юм.

Хүрз
Эвхэгддэг хүрзээр олон зүйлсийг хийж болно. Өвлийн цагт цас цэвэрлэх, зам гаргах гэх мэтээр олон зүйлсэд ашиглаж болно.
.jpg)
Ахисан түвшинд биш анхан шатны жолооч нартаа зориулав.
Эх сурвалж: www.cardoctor.mn