Ажлын байран дахь шуугианы хяналтыг байгууллагууд хэрхэн хийх вэ?
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар шуугианы шалтгаантай сонсгол бууралт нь дэлхийд хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж үздэг. Өндөр шуугианы өртөлттэй ажлын байранд газар тариалан, уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэр, тээвэр болон цэргийн салбарууд орж байна. Үүнээс уул уурхайн салбар дах ажлын байрны аюултай шуугианы нөлөөлөл нь бусад үйлдвэрийн салбаруудаас дээгүүр байранд байна.Уурхайн ажилчдын 76 хувь нь аюултай шуугианд өртөн ажиллаж байгаа нь бусад томоохон салбаруудаас өртөлт өндөртэй байгааг харуулж байна. Уул уурхайд ажилладаг эрчүүдийн 49 хувь нь 50 насандаа харин 60 насандаа 70 хувь нь сонсгол бууралттай болох судалгаа хийгдсэн байна.
Манай улсын хувьд хөдөлмөрийн хамгаалах хэрэгслийн ерөнхий шаардлага, ангиллын MNS 4931:2000 стандартад хамгаалах хэрэгсэл нь хөдөлмөрийн үйл ажиллагааны явцад, хүний биед нөлөөлөх орчны нөлөөллийг тохиромжтой болгож, хөдөлмөрийн хэвийн нөхцөлөөр хангасан байх шаардлагатай. Мөн хамгаалах хэрэгсэл нь хамгаалах чадвар сайтай, хэрэглэхэд тохиромжтой байх ба хамгаалах хэрэгслийн ерөнхий шаардлагын биелэлтэнд ажил олгогч хяналт тавьж байх үүрэгтэй.Ажлын байран дахь шуугианы хяналтыг байгууллагууд хэрхэн хийх вэ?
Байгууллага аюултай шуугианд өртөж буй ажилчдын өртөлтийг хянах, сонсгол хамгаалах хөтөлбөр, бодлогын баримт бичигтэй байх хэрэгтэй. Үүнд дараах зүйлүүд багтсан байна.
- Шуугианы өртөлтийн үнэлгээ
- Шуугианы инженерийн болон зохион байгуулалтын хяналт
- Ажилчдын сонсголын аудиометрийн үнэлгээ, хяналт
- Ажилчдын сонсгол хамгаалах хэрэгслийн хэрэглээ
- Ажилчдын мэдлэг болон СХХ-ийн хэрэглээг идэвхжүүлэх арга хэмжээ
- Хөтөлбөрийн үр ашигтай байдлын үнэлгээ, бүртгэлжүүлэх үйл явц
Ажлын байран дах шуугианы хэмжилтэд хувь хүний ажлын ээлжинд авах шуугианы тун хэмжээг тооцохоос гадна үйлдвэрийн шуугианы тархалтын зураглалыг тодорхойлон гаргах хэрэгтэй. Ажилчдын ажлын байран дахь шуугианы өртөлтийг 94 ДБА-ээс их бол жил бүр, 85-94 ДБА-ийн хооронд 2 жил тутамд, 82-85 ДБА бол 5 жилд нэг удаа тус тус хийнэ.

Шуугианы эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Мэргэжлээс шалтгаалсан сонсгол буурах эмгэг нь олон жил үйлдвэрийн шуугиантай орчинд ажилласан хүмүүст тохиолддог бөгөөд мэдрэл, зүрх судас, тэнцвэрийн систем, анхаарал төвлөрөлт болон оюуны хөдөлмөрийн бүтээмжинд сөрөг нөлөөтэй байдаг байна.
Шуугианаас шалтгаалсан мэдрэлийн сонсгол бууралт нь эргэн сэргээгдэх боломжгүйгээр эргэшгүй өөрчлөлтөнд ордог байна.
Урьдчилан сэргийлэлт
Ажил олгогч шуугианы даралтын эквивалент түвшин 85 ДБА-ээс илүү өндөр шуугианд өртөн ажилладаг ажилчдад шуугианы шалтгаант сонсгол бууралтаас урьдчилан сэргийлэх сургалтын хөтөлбөрөөр хангах хэрэгтэй.
Үүний зэрэгцээ ажилчид нь ажил олгогчоос өгсөн зориулалтын чихний хамгаалах хэрэгслийг шуугиант үед хэрэглэж, чихний бөглөөс хэрэглэх заавар, зөвлөмжийг хэрэглэж заншин байгууллагаас зохион байгуулж буй хөдөлмөрийн эрүүл ахуйн сургалт, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах нь өөрийн эрүүл мэндээ хамгаалах гол хүчин зүйл болно. Хувийн хамгаалах хэрэгслийн ерөнхий шаардлагын биелэлтэнд ажил олгогч хяналт тавьж байх үүрэгтэй.
(Эх сурвалж:Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв).