Зөвлөгөө

Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх

Урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын  хөдөлгөөн ихэсдэг тул гудамж, талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдаалдагтай холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл эрс нэмэгддэг. ДЭМБ-аас халдварт өвчнийг шавьж болон бусад төрлийн дамжуулагчид, амьсгалах агаар,уух ус, гишгэх газар шороогоор дамжих эсвэл шууд хавьтлаар хүн ба амьтнаас хүний бие махбодид орж үүсгэдэг өвчнийг халдварт өвчин гэж тодорхойлсон байдаг.  

Зонхилон тохиолдох гэдэсний халдварт өвчин: 

  1. Балмад 
  2. Цусан суулга 
  3. А вируст гепатит 
  4. Иж балнад 
  5. Сальмонеллийн халдвар зэрэг өвчнүүд багтана. 

        Гэдэсний халдварт өвчний онцлог нь өндөр хоруу чанартай цөөн тооны бичил биетэн (нян, вирус) хүний биед орсон тохиолдолд өвчлүүлэх боломжтой бөгөөд эдгээр өвчин үүсгэгч нян вирус нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлан улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчин үүсгэнэ. 
Халдварлах зам: 

  • Гэдэсний өвчний шинж тэмдэг илэрсэн хүн эсвэл  шинж тэмдэг илрээгүй боловч нян тээгчээс шууд болон шууд бусаар дамждаг. 
  • Халдвартай хүн эсвэл нян тээгч нь бие зассаны дараа гар хумсаа угаахгүй байх
  • Бие зассаны дараа өтгөнөөр ус, хөрс, хүнсний бүтээгдэхүүн бохирдох
  • Ялаа нь нянг бие засах газраас ил задгай байгаа хүнсний бүтээгдэхүүн рүү зөөвөрлөдөг зэрэг нь халдвар дамжих том нөхцөл болдог. 

Гадаад орчинд ялгаран гарсан нян орчны хөрс, ус, хүнс, эд зүйлс ( тоглоом, хаалганы бариул, мөнгө) хүний гар гэх мэтийг бохирдуулдаг бөгөөд бохирдсон гараар хүний биед орж өвчин үүсгэнэ. Ялангуяа тогтоол ус, ил задгай, гол булаг шандын ус, цэвэрлэж ариутгаагүй ус түгээгүүрийн ус, худаг, бохир саванд хадгалсан усыг түүхийгээр нь уух, ил бие засдаг, угаадас асгадаг, хог хаядаг газрын хөрстэй харьцах, ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний үйлдвэр, агуулах, тээвэр, худалдаа үйлчилгээний газраар дамжсан хүнсний зүйлс идэж уух, бохир гар нь өвчин дамжих гол зам юм.

                            
Нууц хугацаа: Нян хүний биед ороод 1-3 хоногийн дараа өвчний шинж тэмдэг илэрнэ. 

Илрэх шинж тэмдэг: Цочмог, 37-40 градус халуурах, бие эвгүйрхэх, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, ядрах, гэдсээр базлаж өвдөх, хий дүлэх, ялгадас усархаг, цусан судалтай, залхагтай гарах. Гэдэсний халдварт өвчний үед илрэх шинж тэмдэг, хугацаа нь уг хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг ба дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд  эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах.  Үүнд: суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх, ядрах гэх мэт.    

                                  Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх:         

  1. Гарын ариун цэврийг маш сайн сахих.  Гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг гарын ариун цэвэр сахиснаар 50% хүртэл бууруулах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг.
  2. Бохирдсон, муудсан хүнсний бүтээгдэхүүн, мах, сүү, ногоо, жимснээс халдвар дамжих эрсдэлтэй бөгөөд хоол хүнс өвчин үүсгэгч нян, вирүсээр бохирдоход нөлөөлөх гол хүчин зүйл нь хоол хүнсийг боловсруулах, зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.
  3. Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх: Бүтээгдэхүүний баталгаат хугацаа, хадгалах нөхцөл, хагас нөөшилсөн бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар харах, цөмөрч хонхойсон байвал худалдан авахгүй байх. 
  4. Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах. 
  5. Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших.                                                             

                                   ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 

Хэлэлцэх асуудал:

 Хоол хүнсээр дамждаг өвчний талаарх өөрсдийн мэдлэгийг нэмэгдүүлэн, эрүүл аж төрөх зөв дадал, хэвшлийг хэрхэн бий болгож болох вэ? Ярилцана уу. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *