ХОЛЫН АЯЛАЛД ГАРАХАД ХЭРЭГ БОЛОХ 20 ЗӨВЛӨМЖ


1.  Холын аялалд гарахын өмнө үргэлж хангалттай сайн унтаж, хоол идсэн байх хэрэгтэй. Жолоо барьж байхдаа кофейны агууламж өндөртэй ундаа уух нь сэргэг, сэрүүн байх сайн арга биш юм. Та эхэндээ сонор сэрэмжтэй байх боловч хугацаа өнгөрөх тусам таны анхаарал төвлөрөл сулрах сөрөг үр дагавартай.
2.  Хэдийгээр та нойрмоглохгүй байсан ч гэсэн цагт хоёр удаа зогсож цэвэр агаар амьсгалж, хөл, гарынхаа чилээг гарган, нойрмоглох шинжтэй бол түр зуур унтаад авахад илүүдэхгүй.

3.  Боломжтой бол хамт яваа өөр хэн нэгэнтэй машинаа ээлжилж барих хэрэгтэй. Энэ нь зогсож цаг алдалгүй нойроо нөхөх давуу талыг олгоно. Хэрвээ та ганцаараа яваа бол радио эсвэл хөгжим сонсож, цонхоо хагас онгойлгож явах хэрэгтэй.

4. Хэрвээ та зогсох шаардлагатай болсон тохиолдолд авто замын зорчих хэсэг дээр болон үзэгдэх орчин хязгаарлагдмал газар хэзээ ч зогсож болохгүйг анхаараарай.

5.  Та жолоо барьж яваа үедээ утсаар ярих бол гарны оролцоогүйгээр ярих боломжтой чихэвч, чанга яригч ашиглах нь таны сэрэмж, самбаачлага алдагдуулахгүй ач тустай ба зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой                                               

6.  Аялалд гарахын өмнө хэзээ ч согтууруулах төрлийн ундаа хэрэглэж болохгүй. Ганц аяга шар айраг нь таныг согтоохгүй ч нойрыг тань хүргэнэ гэдгийг байнга санаж байх шаардлагатай.

               

7.  Хэрвээ та тэнгэр хараад цаг агаарын байдлыг мэдэж чаддаг бол салхи шуургатай бүсийг тойруу замаар тойрч явснаар ихээхэн цаг хугацаа хэмнэх болно.

8.  Холын замд явахдаа өдрийн цагаар ойрын эсвэл нэмэлт гэрлээ асааж явах нь таны машиныг бусад хөдөлгөөнд оролцогчид холоос олж харах боломж олгодог. Ялангуяа бага зэргийн манан будантай үед тээврийн хэрэгслүүд хоорондоо их ойртсон үедээ л бие биедээ харагддаг.

9.  Магадгүй машин тань байршил тогтоогч GPS-тэй байсан ч буруу ажиллаж магадгүй учир нөөцөнд нарийвчлал сайтай газрын зураг авч явах хэрэгтэй.
10.  Хэрэв та хил дамнан өөр улс орноор өөрийн машинтай аялах гэж байгаа бол тухайн улс орны замын хөдөлгөөний дүрмийг заавал судалж мэдсэн байх хэрэгтэй.
11.  Машин доторх цүнх, хайрцаг сав зэрэг сул зүйлсийг сайн бэхэлж тогтоон унаж цохигдохоос сэрэмжлэх. Мөн хог хаягдлаа тусгай уут, саванд хийж машины аль нэг хэсэгтээ байрлуулж явах хэрэгтэй.

12.  Нарийн замд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийн тулд урдаа байгаа тээврийн хэрэгслээс ялангуяа том оврын /ачааны, автобус гм.../ тээврийн хэрэгслээс хангалттай хол /хэрэв эсрэг урсгалаар тээврийн хэрэгсэл ирж байвал аюулгүй байдлаа хангаж буцаад эгнээндээ орж амжихуйц/ зайтай үедээ эсрэг урсгал руу орж өөдөөс ямар нэг тээврийн хэрэгсэл ирж байгаа эсэх, үзэгдэх орчин хангалтай байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Урдаа байгаа тээврийн хэрэгсэлтэй хэт ойрхон бараг л тулж ирсэн үедээ эсрэг урсгалд орох нь өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгслээс зайлж амжилгүй мөргөлдөх аюултайг сайтар санаж явах хэрэгтэй. Мөн гүйцэж түрүүлэх үедээ урдаа байгаа тээврийн хэрэгслийг гүйцээд эгнээндээ бүрэн орох хангалттай зайтай, үзэгдэх орчин сайтай үед гүйцэж түрүүлэх үйлдлээ эхлэх хэрэгтэй.

                

13.  Холын аялалд гарахын өмнө машины ерөнхий байдлыг сайтар шалгах хэрэгтэй. Ялангуяа өмнө нь унаж байгаагүй машинаар хол замд явах гэж байгаа бол машины бүх л эд зүйлсийг / дугуйны хийн даралт, моторын тосны түвшин, дуут дохио, тоормос, гэрэлтүүлэх хэрэгсэл, ... г.м/ сайтар шалгахад дор хаяж 10 минут зарцуулах хэрэгтэй. (Бүгдийг нь нэг бүрчлэн өөрийн биеэр шалгаж үзэх нь холын замд зорчиход аюулгүй байдлыг хангана).

14.  Шөнийн цагаар холын гэрлээ асааж явах нь замын нөхцөл байдал замын саадыг холоос урьдчилан харах сайн талтай ч эсрэг урсгалаар өөр нэг тээврийн хэрэгсэлтэй ойртох үедээ заавал ойрын гэрэл дээрээ шилжүүлэх хэрэгтэй. Энэ нь таны өөдөөс яваа тээврийн хэрэгсэл гэрлийн гялбаанд орсноор замаас гарах, бусад ямар нэгэн зүйл мөргөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм. Мөн та урдаа яваа машины араас холын гэрэл тусгаснаар түүний толинд нь ойж нүдийг нь гялбуулдаг гэдгийг ч байнга санаж явах хэрэгтэй.

               

15.  Аяллын замд түлш зарцуулалтыг бага байлгахын тулд хэрэг болохгүй илүү ачаа тээвэрлэхгүй байх мөн 70км/ц – 90км/ц хоорондох хурдыг сонгож явах хэрэгтэй.
16.  Та өмнө нь явж үзээгүй чиглэлд явж байгаа бол замд хэдэн километрийн цаана шатахуун түгээх станц байгааг сайн мэдэхгүй тул түлшний гэрэл асахыг хүлээлгүйгээр шатахууны сав дундаа орсон үед бүрэн дүүртэл нь цэнэглэж байх хэрэгтэй.

17.  Хүүхдүүдтэйгээ аялж байгаа тохиолдолд ойр ойрхон зогсож байх хэрэгтэй, энэ нь бие засах болон хөнгөн хооллох, цагийг хөгжилтэй өнгөрөөх зорилготой юм. Аяллын замдаа гэр бүлээрээ хөгжилтэй, цагийг зугаатай өнгөрөөх хэрэгтэй шүү дээ.

18.  Холын замд харанхуй буюу шөнийн цагаар явж байх үедээ цаг агаарын нөхцөл байдал болон үзэгдэх орчиндоо тохируулж тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах хэрэгтэй.

19.  Холын аялалд машин жолоодож байх үед идэхэд эвтэйхэн гаж нөлөөгүй хоол, ундаа сонгох хэрэгтэй. Түүнчлэн анхны тусламжийн хайрцаг, гар чийдэн, галын хор, моторын тос зэргийг нөөцөнд ойр авч явах шаардлагатай.

20. Сүүлийн зөвлөгөө бол хамгийн чухал зүйл юм. Таны машинд зорчиж буй хүн бүр аюулгүйн бүс зүүж 12 нас хүрээгүй хүүхдийг хүүхдийн зориулалтын суудалд суулгаж явах нь таны болон гэр бүл, найз нөхдийн тань аюулгүй зорчих хамгаалалт юм шүү.

             

 

                                                                                                                                                                                                Эх сурвалж: www.ubtraffic.mn