ЭРЛЭГТ ХҮРГЭХ УНАА

Шөнөдөө сэмжрэн мөстсөн цас өдрийн шаргал наранд хөлрөн хайлмагтаж, хөндий тал зэрэглээтэн дуниартаад, өнтэй өвлийг залгаад урин хавар оройхон айлчилна. Малчны хотонд төлийн дуу цангинаж, ангир уураг, шинэ сүү сав дүүрэн мэлтэлзэнэ. Шинэ ногооны амтанд орж урагшлан идээшлэх хонин сүргээ гэрийн уяанд хоргох ханцан хээр мориороо явж хариулга хийнэ. Морио цулбуураар нь тушиж орхиод хэнз хургаа эрхлүүлэн, тайван идээшилж байгаа хонин сүргийг харж сэтгэл бахдам суудаг байлаа.

Энэ сайхан үеэс хойш олон жил өнгөрч би ч бусдын адил аав ээжийгээ дагаж хотын соёлд суралцаж амьдарч явна. Саяхнаас хүүхэд насаа дурсаж хөдөө гарч үзлээ. Цаг өөр болжээ. Малчид морио сольж мотоцикль хөлөглөн мал хариулах болж, малчин мал хоёр биесээ танихаа байтлаа өөр болохыг харахдаа хөгжил гэдэг нь энэ байхдаа гэж би бодлоо. Гэтэл мотоцикль унасан өсвөр насны малчин хүү гуу жалгаар харайлган, элс шороог үл анзааран, хааз өндөртэй, сигналын дуу ихтэйгээр тогтуун бэлчих хонийг дайрчих шахам эв хавгүй жолоодохыг хараад энэ хөгжил биш ухралт болохыг ойлгов.

Яг ийм байдлаар явж байгаад осолд орсон хүний тоо жилд 400-аас хол давсан бөгөөд өнгөрсөн 2019 онд 122 хүн нас барсан байна.  Тэд 13-35 насны хүүхэд, ид залуус болохыг мэдээд сэтгэл үймрэх шиг болж харамсал төрснөө нуух юун. Өнөө үед олон улсад аюулын харанга дэлдээд байгаа COVID19 вирустэй адил хурдтай тархаж байгаа хятад мотоциклийн зөв хэрэглээг зааж байгаа хүн ч алга, бүрэн хянаж байгаа ч хүн алга. Арга ч үгүй биздээ. Талаар нэг тархсан малчдыг хэн хянахав.

             

Эрлэгт хүргэх " хятад унаа "- г хэдийнээс бид хэрэглээндээ оруулж, нүдэндээ нулимстай  морин заяагаа махалж, хятад руу хил давуулах болов???Одоо ч гэсэн би ханцан хээр морио унаад хонио хариулж байсан мөчөө үе үе зүүдэлдэг юм. Учир нь бид нүүдэлчин соёлын сүүлчийнх ч байж мэдэх юм.

 

Нийтлэл бичсэн: Б. Батхүү