ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАН ӨВЧИНИЙ ТУХАЙ  ЗӨВЛӨМЖ

      Энэ оны нэгдүгээр сарын 4-нд гахайн мялзан өвчин гарсан байж болзошгүй дуудлага авч, мэргэжлийн байгууллага ажилласан. Мал эмнэлгийн ерөнхий газрын лаборатори дээж авч шинжлэхэд мялзан өвчин мөн болох нь тогтоогдсон. Нэгдүгээр сарын 10-ны байдлаар Булган, Орхон, Төв аймагт гахайн мялзан өвчин гарсан. Дэлхийн мал амьтны лабораторид үүнийг баталгаажуулах ажлыг хийнэ. Энэ өвчнийг цааш нь тархаахгүй байх чиглэлээр мэргэжлийн байгууллага, улсын онцгой комисс, мэргэжлийн хяналтын байгууллага үхсэн гахайн сэгийг устгах, онош илэрсэн, хавьталтай байгаа айл өрхүүдийн гахайг устгах арга хэмжээг авсан. Одоо халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг хийж байна.

       

Африкийн мялзан вирус хүнд халддаггүй. Тухайн төрөлдөө асар их хор хөнөөлтэй. Таван хошуу малд халдахгүй, хүнд хор хөнөөл байхгүй. Гэхдээ хүн уг вирусийг тээгч юм.

Гахайн сонгомол мялзан өвчин  хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурах, цус төлжих, эрхтний гэмтэл, уушги, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий ба ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй.

Монгол Улс 31 мянга 800 толгой гахайтай гэсэн статистик дүн байна. Үүнээс Улаанбаатарт 17 мянга орчим нь байгаа. Гахайн мялзан өвчний эмчилгээ байхгүй. Дархлаа тогтоох вирусийн вакцин байхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх, устгах хоёр л арга зам бий.

Үүсгэгчийн тэсвэрт чанар: Мялзан үүсгэгч вирус нь гадаад орчинд тэсвэртэй, гахайн цусны ийлдсэнд 11 хоног, 2 -40С-д 4-6 сар, хөлдөөсөн маханд 2-4 сар, давсалсан маханд 1 жил хадгалагдана. 560С-д 60 мин буцалгахад агшин зуур үхнэ. Өмхийрсөн болон бууцанд 3-5 хоногийн дараа, хөрсөнд 1-2 долоо хоногийн дараа идэвхээ алдана. Химийн бодист мэдрэмтгий  болно.

Халдвар тархах зам: Зэрлэг болон тэжээвэр гахай, үүлдэр, нас, хүйс харгалзахгүй өвчилнө. Өвчтэй юм уу өвчилж эдгэрсэн гахай халдварын эх уурхай болох бөгөөд тэдгээрийн шээс, баас, салст шүүрдэс, сүү, үртэй хамт ялгаран гарсан вирусээр бохирдсон зогсоол, хашаа саравч, бууц, хэвтэр, ус, тэжээл, бэлчээр, тоног хэрэгсэл, хүний хувцас, гутал, тээврийн хэрэгслээр дамжин халдвар тархана. Өвчилж эдгэрсэн гахай 3-10 сар тээгч болдог. Шаардлагаар нядалсан гахайн мах, гулууз, дотор эрхтэн халдвар тархах нөхцөл болно. Шавьж, шувуу, мал, амьтан, нохой, мэрэгчид механикаар дамжуулна. Мал эмнэлгийн хяналтгүйгээр гаднаас гахай авснаар халдвар тархаж болно. Халдвар тэжээл боловсруулах болон амьсгалын зам, арьсаар дамжихаас гадна хавьтлын замаар халдварлана. Улирлын шинж чанаргүй байх ба богино хугацаанд бүх насны гахайг хамарч үхлийн хувь өндөр байна.

Өвчний эмнэл зүйн  шинж тэмдэг: Өвчний нууц үе үүсгэгчийн хоруу чанар, гахайн мэдрэмтгий байдлаас шалтгаалан 3-9 хоног байдаг ч заримдаа 12-20 хүртэл хоног үргэлжилнэ. Өвчин нь хэт цочмог, цочмог, цочмогдуу, архаг ба хэв шинжит бус явцтай байна.

Өвчилсөн гахайн биеийн халуун 41.5 -42.00 С хүрч 7-8 хоног болно. 8-9 дэхь хоногт биеийн халуун 40- 40.50С хүртэл буурах ба өвчний эхний үед тэжээлийн дуршил хэвийн байж байгаад 2-3 дахь хоногт тэжээл усандаа дуршилгүй болно. Бөөлжих, баас хатах, цустай чацга алдах шинж тэмдэг ажиглагдахын дээр зовхи үрэвсэх, нүднээс идээтэй нуух гарах, хамраас цус юм уу, идээ, салс гоожно. Өвчтэй гахай хэвтэртээ шигдэж хэвтэхийн дээр явахдаа гуйвж явах, шээхдээ зовиурлана. Зарим гахай саажин таталт өгч бөгсөн бие нь мэдээгүй болно. Өвчний 5-9 дэх хоногт арьсан дээр жижиг цусан харвалтууд илрэх бөгөөд цаашид нийлж хар хүрэн өнгөтэй толбо болохоос гадна дарж үзэхэд арилдаггүй онцлогтой. Чих, сүүл, хоншоор, хэвлийн арьс хөхөрнө. 7-10 хоногт үхнэ.

Тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

1. Хорио цээрийн дэглэм тогтооно.

2. Хорио цээр тогтоосон бүсэд эргүүл пост гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг байгуулах ажлыг зохион байгуулна.

3. Тухайн аж ахуйгаас гахай, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гаргах, худалдан борлуулах, мал, амьтан, хүн, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

4.  Өвчтэй болон сэжигтэй бүх гахайг устгаж, булшлах, ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

5. Өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх арга хэмжээг авна.

6. Хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгийн гахайг вакцинжуулах, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйтгэл хийх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

7. Голомтын бүсээс мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хориглоно.

8. Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.

              

Түүхий гахайн махны өвчилсөн эсэхийг мэдэх амархан. Эрүүл гахайн мах цайвар өнгөтэй, цагаан өөхтэй бол өвчилсөн гахайн мах улаан хүрэн өнгөтэй байдаг.

/ Эх сурвалж : Нийслэлийн мал эмнэлгийн газар /