БЯЦХАН ХҮҮХДҮҮДЭЭ ГАРГАЖ ТОГЛУУЛАХААС АЙХ ЮМ.

       Улаанбаатар хот маань өдөр ирэх тусам өргөжин тэлсээр. Зах зээл, амьдрал ахуй, ажил төрөл хөөсөн, хайсан, амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн хүмүүсийн давалгаа Нийслэл хотруу маань зүглэсээр уджээ.  Тэр хэмжээгээр хотын соёл яригдаж, соёлоос үүдэлтэй асуудлууд ар араасаа хөвөрсөөр байна. Улаанбаатар хотод бодитоор нүүрлэж буй хотын соёлоос үүдэлтэй олон асуудлын нэг нь хөрсний бохирдол юм. Бид нүдэнд өртөж, ам хамраар минь орж, аюул учруулж байгаа агаарын бохирдлын талаар хүн бүхэн харж, ярьж, хэлэлцэж ирсэн. Үүнээс дутахгүй нэг асуудал нь гэр хорооллын хөрсний бохирдлын асуудал юм. Хэдэн жилийн өмнө хотын гудамжны булан тохой бүрт шээс, шивтэр ханхалсан бохир заваан байдаг байсан нь одоо арай багасч байгаа ч гэр хорооллын гудамжны угаадас, хог, шээс шивтэр багасаагүй хэвээр байсаар байна. 

       Мэдээж айл болгон өөрийн гэр, хашаа хороогоо цэвэр байлгахыг хичээж, цэвэрлэж байгаа. Харин нэгэнт битүү шавсан хашаа бүр нэг жорлон, нэг муу усны нүхтэй. Тэр нь ялангуяа өвлийн цагт хангалттай хүрэлцээтэй байдаггүйг хэн бүхэн мэдэж байгаа. Тиймээс өөрийнхөө хашаанд өөрсдийнхөө бохирыг халиулж, бохир заваан байдал дундаа суухыг хэн ч хүсдэггүй. Тэглээ гээд сар бүр муу усаа соруулдаг айл хэр байдаг бол? Мөн өвөл хөлдсөн бохирыг сар болгон цэвэрлэх боломж байдаг билүү? 

         Энэ мэтчилэн хашаатай айл бүрт бохирын асуудал тулгардаг. Тэгвэл яах вэ? Ямар аргаар бохирын асуудлаа шийдэх вэ? 

         Одоогоор гэр хорооллын айлуудын хамгийн амархан, хурдан шийдвэрлэдэг асуудал нь өөрсдийн угаадас, бохир усыг гудамжиндаа гаргаж асгах явдал юм. 

                                    

Өвлийн цагт айл бүр урд талынхаа хашааны ар талруу угаадсаа асгадаг нь нууц биш болсон. Орой нь цэвэрхэн байсан гудамжинд өглөө нь угаадас асгаатай, өнөөдөр арай бага байсан угаадас маргааш нь хөлдөж  өвлийн хүйтэнд  мөсөн гулгуурын талбай болдог. Түүн дээр өглөө үдэш ажил сургууль, гэрлүүгээ яарч сандарч яваа хүмүүс хальтарч унаастай. Гэрээсээ бохир заваан гэж цээрлэн гаргаж асгасан угаадсыг ажил сургуульдаа өмсдөг хувцасаараа арчаастай.  Хүний өөрийн нийлсэн бохир угаадас дээгүүр гутлаараа туучин явсаар нөгөө сайхан цэвэрлэсэн цэмцгэр гэртээ ордог гээд төсөөлөөд үз.

Бас болоогүй хальтрахгүйн тулд үнэсээ нөгөө угаадас дээрээ асгаад, үнс угаадас холилдсон юу гэж хэлэх нь тодорхойгүй хачин заваан юм болгож орхино. 

Энэ шийдэл мөн үү. Мэдээж биш. Шийдэл биш гэдгийг угаадас асгаж байгаа хүн ч өөрөө мэдсээр байдаг. Өвлийн цагт ингэж асгаад л асуудал шийдэгддэг бол яах вэ зүгээр гэж бодьё. Гэтэл хаварын улирал ирж нөгөө үнс угаадас, бохир, ялгадсууд нь цагийн эрхээр хайлж, урсаж, бага хэмжээний горхи үүсгэдэг. Хэрэв цасны ус урсаж байвал асуудал алга аа. Гэхдээ тэр урсаж байгаа, хайлсан, хайлмагтсан, хөрс дэвтэн намаг шалбааг болсон зүйл нь өвөлжингөө асгасан угаадас байдаг нь харамсалтай. Энэ нь бас түлсэн нүүрсний үнстэй холилдон байдаг. Тэр хайлсан гэссэн угаадас зүгээр л урсаад өнгөрдөг бол бас асуудал биш гэж бодьё. Харамсалтай нь энэ бохир заваан угаадас нь агаарт ууршиж, эргэн тойронд нь алхаж, амьдарч байгаа хүмүүсийн ам хамраар орж , олон төрлийн халдварт өвчнүүдийг үүсгэж байдаг. 

Мөн бидний гутал хувцсаар дамжин гэрт минь орж, улмаар  сандал суудал, ор дэр, шал дэвсгэрт минь бохир заваан нянгаа  халдаасаар байдаг. Түүн дээр үр хүүхэд минь юугаа ч мэдэхгүй тоглож наадсаар байдаг.

Бидний өвөлжингөө нүдэн балай, чихэн дүлий асгасан, миний гэр миний хашаа л биш бол яахав гэж бодон асгасан угаадас хаврын цагт гэрт минь өөрсдөөр минь дамжин орж үр хүүхдийн амь нас эрүүл мэндэд заналхийлж байдаг. 

Нөгөө бидний асгасан угаадсаар бохирлогдсон хөрс нь олон жилийн туршид гүнрүүгээ шингэн дахин сэргэхээргүй болж эвдэрч, улмаар хөрсөнд байх нарийн судлаар тэжээгдэж байдаг хөрсний ус бохирдож, тэр нь эргээд бидэнд хор болсоор байна. Мөн олон мянган төрлийн өвчний нянгийн амьдрах таатай орчин, үүр уурхай болж, он жил улиран дамждаг халдварт өвчнүүдийн эх үүсвэр болсоор байдаг. Жишээ нь Угаадсаар бохирлогдсон хөрсөнд цусан суулга өвчин үүсгэгч нян 25-100, балнадын нян 100-400, саажилтын вирус 100-150 хоног тус бүр хадгалагддаг гэдгийг мэргэжилтнүүд улирал тутамд сануулсаар ирсэн. Мөн хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч, индол, хүхэрт устөрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг байна. Ил задгай жорлонгийн хаягдал, угаадсаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийн төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээр зэрэглэлд багтдаг юм байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг согогтой хүүхэд төрөх, цаашлаад үргүйтүүлэх хор уршигтай байдаг. 

Тэгвэл бид яах ёстой вэ?

Эрүүл мэндийнхээ төлөө... 21-р зуунд амьдарч байгаа иргэнийхээ хувьд....  Дээрээс, хэн нэгнийг, төрөөс юм хийхийг хүлээх биш....өөрсдөө.. хүн бүр... дор бүрнээ.. ухамсартай байцгаая....   ӨӨРСДИЙНХӨӨ ТӨЛӨӨ, БУСДЫН ТӨЛӨӨ....

  1. Ядаж УГААДАС, ХОГОО  ил задгай асгахгүй байх.
  2. Угаадас нь гэр хороололд амьдардаг айлуудад төдийгүй орон сууцны айлуудад хамааралтай. Орон сууцанд амьдардаг  хүмүүс орцныхоо гадаа хивс, автомашинаа угааж буй дүр зураг дулааны улиралд их элбэг харагддаг.
  3. 1900-д оны хоцрогдсон газар ухаж жорлон гаргах технологиос татгалзах. Орчин үеийн боловсон жорлон ашигласнаар та хүйтний улиралд давсагны үрэвсэл /цестит/-т өвчин тусахгүй, дулааны улиралд ялаа зэрэг шавьж шавахгүй тав тухтай бие засах боломжтой.
  4. Автомашинаа ил задгай угаахгүй, ус зайлуулах шугамтай зориулалтын угаалгын газраар үйлчлүүлэх. Автомашин угаалгын жижиг газруудын ихэнх нь ус зайлуулах шугамгүй байдаг.
  5. Нэгэнт хөрсний бохирол ихтэй энэ үед дулааны улиралд хүүхдүүдээ гадаа тоглуулахдаа ариун цэврийг сайн сахиулах, хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа тогтмол угааж хэвших явдал юм. 

                                                                            (Эх сурвалж: Morning news) 

Хэлэлцэх асуудал: 

Хүн бүр орчин тойрондоо цэвэр цэмцгэр амьдарч болох ямар арга замууд байгаа вэ? Ярилцана уу.